Хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр

2017-09-13

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН

ГАЗРЫН ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР

Дундговь аймгийн Газрын алба аймгийн Засаг даргын 2003 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 22 дугаар захирамжаар байгуулагдсан. Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 67 дугаар тогтоолыг үндэслэн аймгийн Засаг даргын 2009 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 35-р захирамжаар Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар  болон ажиллаж байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн А/42 дугаар тушаалаар газрын дарга, Газрын удирдлагын хэлтэс, Барилга, хот байгуулалтын хэлтэстэй,  газрын мэргэжилтэн 5, барилгын мэргэжилтэн 4, гэрээт ажилтан 1, ерөнхий нягтлан бодогч, Дотоод ажил, архив, албан хэрэг хөтлөлт хариуцсан мэргэжилтэн, Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн, жолооч гэсэн орон тоог шинэчлэн баталсан ба 15 албан хаагч ажиллаж байна.

Хөдөөгийн 14 сумын Засаг даргын Тамгын газарт газрын даамал /Байгаль орчны ажилтан, байгаль орчны хяналтын улсын байцаагчийн ажил хавсран гүйцэтгэдэг/ ажиллаж, тэднийг албаны зүгээс мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж  ажилладаг.

Байгууллагын албан хаагчдын 9 нь буюу 60 хувь нь эмэгтэй, 6 нь буюу 40 хувь нь эрэгтэй, насны ангилалаар нь авч үзвэл 67 хувийг 35 хүртэл насны залуучууд, 20 хувийг 36-50 настай буюу дунд насны хүмүүс, 13 хувийг 51-60 настай буюу ахимаг насны хүмүүс тус тус эзэлж байна.

            Боловсролын байдлаар нь авч үзвэл нийт албан хаагчдын 12 албан хаагч буюу 80 хувь нь дээд боловсролтой хүмүүс байгаа бөгөөд тэдгээрийн 2 мэргэжилтэн буюу 16 хувь нь магистрын, 10 албан хаагч нь бакалаврын зэрэгтэй, албан хаагчид ажиллаж байна.

Энэхүү хөтөлбөрийн үр дүнд байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, үйл ажиллагаа тодорхой бодлого, зорилго чиглэлтэй явагдах болж, нутаг дэвсгэрийн нэгж салбар, байгууллагууд хөтөлбөрийн хүрээнд өөрсдийн хүний нөөцийн хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлж, төрийн албан хаагчдыг сургаж, бэлтгэх, шилж сонгох, байршуулах, ажилд нь дадлагажуулж мэргэшүүлэх, тогтвор суурьшилтай ажиллуулах, хүний нөөцийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох болно.

Байгууллагад шаардлагатай байгаа хүний нөөцийн хэрэгцээг зөв төлөвлөж, албан хаагчдаа сургаж, дадлагажуулах, давтан мэргэшүүлэх, тэдний ажиллах нөхцөл, тогтвор суурьшлыг сайжруулах, хүний нөөцийг хөгжүүлэх, түүний удирдлага, зохион байгуулалтыг өнөөгийн шаардлагын түвшинд хүргэж ажиллах явдал нэн чухал зорилт тавин ажиллаж байна.                                                            

Нэг. Нийтлэг үндэслэл

  1. Монгол улсын Төрийн албаны тухай хууль, Монгол улсын Төрийн албаны шинэтгэлийн дунд хугацааны стратеги, Төрийн албаны сургалт ба мэдлэг чадвар бий болгох хөтөлбөр, Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрүүд зэрэг баримт бичгийг үндэслэн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр /цаашид хөтөлбөр гэх/-ийг боловсруулав.
  2. Хүний нөөцийн удирдлага нь байгууллагын зорилтыг биелүүлэхэд хүний авъяас чадварыг үр ашигтай, үр нөлөөтэй ашиглах явдлыг хангасан, албан ёсны зохион байгуулалттай үйл ажиллагаа юм.

Хоёр. Хүний нөөцийг хөгжүүлэхэд баримтлах зарчим

2.1. Хүний нөөцийг хөгжүүлэхэд баримтлах үндсэн зарчим нь албан тушаалд томилох, албан тушаал дэвшүүлэхэд мэргэшсэн байх, ажлын гүйцэтгэлийг нь харгалзах төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчим байна.

2.2. Мөн албан тушаалд нээлттэй, шударга, өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж ажиллуулах буюу хүнийг тохирсон ажилд нь томилох, адил тэгш боломжоор хангах, төрийн байгууллага нь байнга суралцагч хамт олон байх зарчмуудыг удирдлага болгоно.

2.3. Байгууллагынхаа  хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, сургаж, мэргэшүүлэх, шилж сонгож байршуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах бодлогыг боловсруулж хэрэгжүүлнэ.

2.4. Хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавьж, нэгтгэн дүгнэх, ерөнхий чиг удирдлагаар хангах үүргийг  байгууллагын хяналт, шалгалтын нэгж хүлээнэ.

Гурав. Хөтөлбөрийн зорилго, зорилт

3.1. Хөтөлбөрийн зорилго: Байгууллагын хүний нөөцийн төлөвлөлт, сургалт хөгжлийг хангаж, албан хаагчдын урамшуулал, хариуцлагын тогтолцоо, тогтвор суурьшилийг дээшлүүлэх замаар төрийн албыг чадварлаг, мэргэшсэн албан хаагчдаар бүрдүүлж, хүний нөөцийн удирдлагын арга хэлбэр, манлайллыг сайжруулахад тус хөтөлбөрийн зорилго оршино.

3.2. Хөтөлбөрийн зорилтууд:

3.2.1. Хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулж, албан тушаалд томилох, дэвшүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах

3.2.2. Хүний  нөөцийг  хөгжүүлж,  тогтвор   суурьшилтай ажиллуулах,  гүйцэтгэлийн

удирдлагаар хангах ажлыг сайжруулах

3.2.3. Хүний нөөцийн удирдлагын арга хэлбэрийг боловсронгуй болгож, удирдлагын манлайлах чадавхийг хөгжүүлэх

Дөрөв. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэл

4.1. Хүний нөөцийн төлөвлөлтийг сайжруулж, албан тушаалд томилох, дэвшүүлэх ажлыг оновчтой зохион байгуулах зорилтын хүрээнд :

4.1.1. Хүний нөөцийг хөгжүүлэх бодлого нь хүний нөөцийн төлөвлөлт хийх, хүний нөөцийг хөгжүүлэх /сургалт ба мэдлэг чадвар бий болгох/, гүйцэтгэлийн удирдлагаар хангах, цалин хөлс, урамшуулал олгох, хөдөлмөрийн харилцааны зохицуулалт хийх гэсэн цогц үйл ажиллагаа болно.

4.1.2. Төрийн байгууллагууд хүний нөөцийн төлөвлөлтийг ойрын ирээдүйн хүн хүчний  шаардлагыг /эрэлтийг/ тодорхойлох, шаардагдах хүн хүчний нийлүүлэлтийг тогтоох, эрэлт ба нийлүүлэлтийн зөрүүг нөхөх бодлогыг боловсруулах гэсэн үе шатуудаар төлөвлөж шийдвэрлэнэ.

4.1.3. Тус байгууллагад  шаардлагатай байгаа мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээний судалгааг жил бүр салбарын чиглэлээр нь гаргаж, түүндээ үндэслэн их дээд сургууль, коллежийн элсэлтийн хуваарийн захиалгыг яам холбогдох байгууллагад тавьж оюутан элсүүлэх, мөн тухайн онд төгсөгчдийг ялангуяа нутгийн харъяат иргэдийг орон нутагт ирүүлж ажиллуулах талаар тодорхой арга хэмжээ авч ажиллана.

4.1.4. Төрийн захиргааны байгууллагад шаардлагатай хүний нөөц, түүнд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага, ажлын нөхцлийн судалгааг тухай бүр шинэчлэн гаргаж, нэгтгэн захиалга өгөх ба төрийн албаны мэргэшлийн шалгалтад иргэдийн бэлтгэлийг хангаж оролцуулах арга хэмжээ авна.

4.1.5. Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн санг зохих журмын дагуу бүрдүүлж, төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудын дагуу тухайн байгууллагад болон бусад төрийн захиргааны байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхнө. Хуулийн заалтуудыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд сул орон тоог нийтэд зарлаж, төрийн албаны мэргэшлийн шалгалтад тэнцсэн иргэдээс онооны дараалалаар нь нэр дэвшүүлнэ.

4.1.6. Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд уг албан тушаалыг хаших шаардлага хангасан иргэн, төрийн албан хаагчийг нээлттэй өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж томилно.

4.1.7. Төрийн байгууллагын удирдах ажилтнууд 2-оос доошгүй иргэнийг өөрийн албан тушаалын нөөцөд бүртгэн авч, дагалдуулан сургах замаар удирдах алба хашихад дадлагажуулж бэлтгэнэ.

4.1.8. Хүний нөөцийг төлөвлөж хэрэгжүүлэх ажилдаа жендерийн тэгш байдлыг хангах асуудлыг харгалзан үзэж байна.

4.2. Хүний нөөцийг хөгжүүлж, тогтвор суурьшилтай ажиллуулах, гүйцэтгэлийн удирдлагаар хангах ажлыг сайжруулах зорилтын хүрээнд :

4.2.1. Энэхүү хөтөлбөрийг үндэслэн нутаг дэвсгэрийн болон салбар, байгууллагын хүний нөөцийг хөгжүүлэх, сургаж мэргэшүүлэх, шилж сонгох, байршуулах, тогтвор суурьшилтай ажиллуулах хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлнэ.

4.2.2. Албан хаагчдын ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын чиг үүргийг шаардлагын түвшинд боловсруулан гаргаж, албан хаагчдад хамгийн чухал шаардлагатай ур чадвар тухайлбал бодлогын дүн шинжилгээ хийх, гүйцэтгэлийн удирдлагын чадвар эзэмшүүлнэ.

4.2.3. Албан хаагчдын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшин, хөдөлмөрийн гэрээний биелэлтийг жил улирлаар дүгнэж, үнэлгээний мөрөөр шагнаж урамшуулах, зэрэг дэвийн болон  ур чадварын нэмэгдэл олгох, хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэж байна.

4.2.4. Албан хаагчдын ажил хэргийн мэдлэг, мэргэшлийн ур чадварыг дээшлүүлэхэд байнга анхаарч, тодорхой хугацаанд ажил, мэргэшлийн аттестатчилал явуулж, түүний мөрөөр холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

4.2.5. Ажиллагсадынхаа нийгмийн баталгааг хангах хөтөлбөр, төлөвлөгөөтөй ажиллаж, тэдний ажиллаж, амьдрах орчин нөхцлийг нь сайжруулах, орон байраар хангах, шагнал урамшуулал, нөхөх олговор олгох, тусламж дэмжлэг үзүүлэх асуудлуудыг хууль тогтоомжийн хүрээнд дотоод журмаараа зохицуулж хэрэгжүүлнэ.

4.2.6. Байгууллагын соёл, зохион байгуулалт, үйл ажиллагааны нээлттэй байдлын талаарх сэтгэл ханамжийн судалгааг албан хаагчдаас жил бүр авч, дүнг ил тод танилцуулан түүний мөрөөр шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.

4.2.7. Албан хаагчдынхаа үр дүнгийн гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, дүгнэж тайлагнах үйл ажиллагаанд хяналт шинжилгээ хийж илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, ололт амжилт, санал санаачилгыг дэмжиж нийтийн хүртээл болгох ажлыг тогтмол зохион байгуулж байна.

4.2.8. Орон нутагт тогтвортой ажиллаж, амжилт бүтээл гаргаж байгаа мэргэшлийн албан хаагчдын цаашид суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх үйл ажиллагааг дэмжиж, тэдний тогтвор суурьшилийг сайжруулж, ажиллах идэвхи санаачилыг дээшлүүлэх урамшууллын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.

4.2.9. Мэргэжлийн онцгой ур чадвартай, орон нутагт чухал шаардлагатай мэргэжилтнүүдийг амьдралын нөхцлийг нь хангахад дэмжлэг үзүүлж тогтвор суурьшилтай ажиллуулах асуудлыг хамтран хэлэлцэж гэрээ байгуулан шийдвэрлэнэ.

4.3. Хүний нөөцийн удирдлагын арга хэлбэрийг боловсронгуй болгож, удирдлагын манлайлах чадавхийг хөгжүүлэх зорилтын хүрээнд:

4.3.1. “Суралцагч байгууллагыг хөгжүүлэх манлайлал” сэдвийн дор ерөнхий менежерүүдийн манлайлах ур чадварыг хөгжүүлэх сургалтуудыг тогтмол зохион байгуулж, менежерүүдийн манлайлалын чадавхийг дээшлүүлнэ.

4.3.2. Удирдах албан тушаалтан ялангуяа ерөнхий менежерийг нээлттэй, өрсөлдөөний зарчмаар сонгон шалгаруулж, манлайлах ур чадварыг харгалзан албан тушаалд томилж байна.

4.3.3. Удирдах ажилтнуудад өөрөө байнга суралцагч, манлайлагч байж, менежментийн арга барилыг бүтээлчээр эзэмшиж, зөрчлийн болон эрсдлийн менежментийг тооцож сурах шаардлага тавьж ажиллана.

4.3.4. Хүний нөөцийн удирдлагад мэдээллийн технологиийг өргөнөөр ашиглаж, төрийн албан хаагчдын бүрэлдэхүүн хөдөлгөөний тайлан гаргах, ажлын байрны захиалга өгөх, нөөц бүрдүүлэх, нөөцийн санг ашиглах зэрэг арга ажиллагааг цахим хэлбэрээр явуулдаг болно.

4.3.5. Удирдах ажилтан, ерөнхий менежерүүдийн манлайлалыг тэдний хүний нөөцийг хөгжүүлэх, удирдлагаар хангах ажлын үр дүнтэй нь холбон дүгнэж, урамшуулал, хариуцлага тооцож ажиллана.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаа:   2014-2019 он

Тав. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт

5.1. Удирдлага, зохион байгуулалт :

5.1.1. Орон нутаг, салбарын хэмжээнд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж батлах, хэрэгжилтийг зохион байгуулах, нэгдсэн бодлого,удирдлагаар хангах, зохицуулах үүргийг Дотоод ажил хариуцсан мэргэжилтэн  хүлээнэ.

5.1.2. Дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд оролцож байгаа олон улсын болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, хамтран ажиллана.

5.1.3. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах санхүүжилтийг жил бүр тооцож, байгууллагын төсөвт тусгана.

5.1.4. Хөтөлбөрийн хэрэгжилтэнд жил бүр хяналт шинжилгээ хийж, үр дүнг жилийн тайланд тусгаж байхын зэрэгцээ шаардлагатай тохиолдолд салбарын болон байгууллагуудын удирдлагын сонсгол, мэдээллийг хурлаар авч хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгч ажиллана.

5.2. Хөтөлбөрийн санхүүжилт :

5.2.1. Байгууллагын үйл ажиллагааны төсөв, өөрийн орлого

5.2.2. Олон улсын болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн тусламж, хандив, дэмжлэг

Зургаа. Хөтөлбөрийн хүрэх үр дүн

6.1. Байгууллагуудын хүний нөөцийн төлөвлөлт, боловсон хүчнийг шилж сонгох, хуваарилах, нөөц бүрдүүлэх ажлын зохион байгуулалт оновчтой болж, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх зарчим хэрэгжинэ.

6.2. Төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа, тогтвор суурьшил сайжирч, гүйцэтгэлийн удирдлагын тогтолцоо төлөвшинө.

6.3. Төрийн албан хаагч, удирдах албан тушаалтнуудын манлайлах ур чадвар дээшилж, хүний нөөцийн удирдлагын арга хэлбэр, зохицуулалтын механизм боловсронгуй болно.

ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА,

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР