ГЗБГЗЗГ-ЫН ТӨЛӨӨЛӨЛ "ESRI АЗИ-НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ХЭРЭГЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨН СИНГАПУР-2018" -Д ОРОЛЦЛОО

2018-10-09

Энэхүү зөвлөгөөнийг Бүгд Найрамдах Сингапур Улсын Сингапур хотын ESRI Ази-Номхон далайн бүс нутгийг хариуцсан төвөөс 2018 оны 9-р сарын 27-ны өдөр зохион байгуулсан бөгөөд жил бүр өөр өөр бүс нутаг, орнуудад зохион байгуулагддаг байна.

Энэ удаагийн зөвлөгөөнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агегтлаг - Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батболд нар анх удаа оролцлоо. “ESRI хэрэглэгчдийн зөвлөгөөн Cингапур-2018”-д нийт 600 гаруй гео орон зайн мэдээллийг сонирхогчид өөрийн улс орон, байгууллага, аж ахуйн нэгжээ төлөөлөн хүрэлцэн очжээ.

Зөвлөгөөний үйл ажиллагааг нээж ESRI-ийг үндэслэн байгуулагч, ерөнхийлөгч Жэк Дэнжирмонд “Цогц Дэлхийг бүтээхийн тулд ухаалаг ирээдүйг бий болгох нь” сэдэвт илтгэлийг тавьж Дэлхийд тулгамдаж буй асуудлуудыг газар зүйн мэдээллийн системийн шийдлээр техник технологиор хэрхэн шийдэж болох талаар танилцууллаа.

Мөн “Цэцэрлэг доторх биофилик хот” Үндэсний паркийг төлөөлөн Кэнэтт Ер, "ГМС-ийн орон зайн дүн шинжилгээ нь банкны салбарыг өөрчлөх нь” Азноври, “Дэд бүтцийн загварыг бий болгох шинэ эрин үе” Блэйр Чэйнэ, “Сингапур дахь газарзүйн оюутнуудын дунд орон зайн сэтгэлгээг сурталчлах” Боловсролын яам Жосеф Тан Хуй зэрэг эрдэмтэн судлаач, албан хаагчид газар зүйн мэдээллийн системд гарсан өөрчлөлтүүд шинэ шийдэл, технологи, хамтын ажиллагааны талаар олон сонирхолтой илтгэлүүдийг зөвлөгөөний үеэр тавив.

Зөвлөгөөний дараа Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга А.Батбаяр, орон зайн мэдээлэл, технологийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Батболд нар Сингапур дахь Ази-Номхон далайн бүсийг хариуцсан ESRI-ийн төвд зочлон, ESRI-ийг үндэслэн байгуулагч ерөнхийлөгч Жэк Дэнжирмонд бусад, төлөөлөгчидтэй байгууллагын техник технологийн шийдэл, орон зайн мэдээллийн сан, үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтцийн талаар баримталж буй бодлого, тулгамдаж буй асуудлуудын талаар илтгэл тавин санал солилцлоо.

ESRI нь газар зүйн мэдээллийн системийн програм хангамж, веб газар зүйн мэдээллийн систем, өгөгдлийн сангийн менежментийн хэрэглээний Олон Улсын ханган нийлүүлэгч компани юм. Тус компани нь Калифорни мужийн РэдЛанд хотод төвтэй 1969 онд газар ашиглалтын зөвлөгөө үзүүлэх үйлчилгээний чиглэлээр анх үүсгэн байгуулагдсан байна.

Санал асуулга

Иргэн та манай байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ өгнө үү.

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР